
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ногоочдын органик тариалалтын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүлэмжид органик аргаар тариалах” ахисан шатны сургалт зохион байгууллаа.
АДРА олон улсын байгууллагын “Органик ХАА-н түншлэл II” төслийн хүрээнд болсон тус сургалтыг ХАА-н ухааны доктор, Монгол Улсын гавьяат агрономич, сургагч багш П.Цолмон удирдан явуулж, хүлэмжийн нөхцөлд хүнсний ногоог органик аргаар тариалах технологи, үйлдвэрлэлийн онцлог, өөрийн туршлагаас хуваалцжээ.
Хүлэмжийн тариалалт нь цаг агаарын нөхцөлөөс үүдэх эрсдэлийг бууруулж, ургалтын хугацааг уртасгах, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Харин органик үйлдвэрлэлд хөрсний үржил шимийг хадгалах, ургамлын өвчин, хортонтой байгальд ээлтэй аргаар тэмцэх, ус болон шим тэжээлийг зохистой ашиглах мэдлэг, дадал чухал юм.
Сэлэнгэ аймаг органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр АДРА олон улсын байгууллагатай 2018 оноос хамтран ажиллаж байна. “Органик ХАА-н түншлэл II” төслөөр аймгийн 11 сумын органик хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих, хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтын боломжийг өргөжүүлэхэд анхаарч байгаа аж.
Тухайлбал, төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 15 хоршоонд нийт 114 сая төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүлэмж олгожээ.
Энэ удаагийн сургалтаар эзэмшсэн мэдлэг, арга технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр ногоочид хүлэмжийн ашиглалтаа сайжруулах, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн органик хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлж, хэрэглэгчдэд чанартай, аюулгүй хүнс нийлүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
