
Хүнсний хувьсгалын хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн үр дүнд хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дунджаар 20-30 хувиар өсөж, үндсэн 13, улирлын чанартай 12 ажлын байр шинээр нэмэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36 дугаар тогтоол болон Засгийн газрын 2025 оны “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы тухай 47 дугаар тогтоолын дагуу олгосон 57 зээлийн хэрэгжилтэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хяналт хийж, тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.
Хяналтад хамрагдсан хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн 18 зээлдэгч зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Харин хоёр зээлдэгч энэ онд үйл ажиллагаагаа зогсоожээ.
Тодруулбал, зээлийн хөрөнгөөр хоёр аж ахуйн нэгж үйлдвэрийн барилга барьж, зургаа нь түүхий эд, тоног төхөөрөмжөө сайжруулж, хоёр нь ажлын байраа өргөтгөсөн бол найм нь түүхий эд болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлжээ.
Мөн хяналтад хамрагдсан 18 зээлдэгчийн 13 нь зээлээ хугацаанд нь бүрэн төлж дуусгасан бол таван зээлдэгчийн зээлийн хугацаа дуусаагүй, төлөлт хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
