3000 гаруй ногоочин, тариаланчид болон оюутан залуусыг орлогожуулж, Монгол Улсын газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй “Газар шим үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганбат, “Газар шим үйлдвэр” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Төгсөө нарыг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хэдий урт хугацаа биш ч үйлдвэрлэгчдэд тулгамддаг 24 төрлийн асуудлыг шийдвэрлэж чадсан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болж буйг “Газар шим үйлдвэр” ХК-ийн удирдлагууд онцоллоо.
“Газар шим үйлдвэр” ХК өөрийн хөрөнгөөр буюу нийт 140 сая төгрөгөөр ногоочид, тариаланчдыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, ургац хураалтын хэмжээ, чанар эрс нэмэгдэж, ногоочдын орлого өссөн байна.