Оршил
Зөвлөлт маягийн коммунист дэглэмүүд 1989-1991 онд төгсгөл болсон. Хуучин СССР-ийн Дундад Ази улс төрийн хувьд нээгдсэн ч төдөлгүй дарангуйлагч дэглэм рүү эргэсэн буюу уг дэглэмийн нэг хатуу хэлбэрээс нөгөө рүү шууд шилжсэн.
Эдэнтэй харьцуулахад харин Монгол маань онцлогтой. 1990 онд өрнөж шаваа тавьсан улс төрийн нээлттэй байдал нь цар хүрээгээрээ хөрш зэргэлдээх орнуудынхыг давсан бөгөөд xуучин Зөвлөлтийн үеийн зарим ололтуудаа бусниулж, зарим талаар олсон амжилтуудаа бататгасан. Монгол Улсын энэхүү харьцангуй амжилт олон шалтгаантай. Монголд ардчилал үйлчилсэн. Газар зүйн таатай байдал нь үйлчилсэн. Тэр үүднээс бол Төв Азийн посткоммунист орнууд ардчиллаараа Монголоос хоцорсон.
Төв ба Өвөр Азийн посткоммунист орнуудын хувьд Монгол Улсын нэн шинэхэн, саяхны улс төрийн туршлага нь таахуйяа бэрх, сонин оньсого гэхээр юм. Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан зэрэг “5 стан”-д хувь хүний ганцаарчилсан удирдлага, ганцаарчилсан дарангуйлал түгээмэл шинжтэй болж хэвшжээ. Төв Азийн посткоммунист эл 5 улсад тухайн цагтаа Киргизстаны аядуу зөөлөн дарангуйллаас эхлээд Туркменистаны хувь хүнийг тахин шүтдэг, шинэ маягийн дарангуйлал хүртэлх эрх баригч дэглэмүүдийн өөр хоорондын үлэмж ялгаа үнэхээр анхаарал татаж байсан сан. Гэхдээ л коммунизмын дараах эхний 10 жилд тэдгээр улсад дарангуйлагч автократ дэглэмүүд бүрэн тогтсон.
Харин Монгол Улс дарангуйллын засаглалыг тойрсон төдийгүй, ардчиллын зүгт бодитой ахин дэвшиж дарангуйлал руу эргэж халтирсангүй. Улс төрийн ил тод байдлыг дэлхийн хэмжээнд судалж, үнэлгээ өгдөг тэргүүлэх агентлаг болох “Фридом хаус”-ын үнэлгээгээр Монгол Улс болон түүний хөршүүдийн дээрх ялгаатай байдал илт харагддаг. Монголын өмнүүр зөвхөн БНЧехУ, Польш, Словени, Прибалтикийн гурван улс орж байна. Төв Азийн орнууд болон ОХУ, БНХАУ нь энэ үзүүлэлтээр Монголд дөхөж ч очдоггүй.
Байгалийн баялаг
Төв Азийнхантай Монголыг харьцуулсан өөр нэг өнцөг байна. Бүгд л байгалийн баялагтай. Казахстан газрын тосны үлэмж нөөцтэй, ураны олборлолтоор тэргүүлдэг. Туркменистан байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог. Монголд зэс, нүүрс, алт, газрын тос олборлодог. Нөөц ихтэй. Уран мөд цойлоод ирнэ. Органик түлш, эсвэл үнэт чулуу, ашигт малтмал, төмөрлөг бүхий газар нутгийн зөрчил маргаанаас дэлхийн хэмжээний олон улсын болон бүс нутгийн бараг бүх мөргөлдөөн дэгддэгийг Монгол ба Төв Ази тойрч гарч чадсан.
Улс болгон газрын баялагтай байхыг хүсдэг бөгөөд тэдгээрийг эзэмшсэнээрээ гадаад валютын нөөцтэй болж, зах зээлээс үүдэх эрсдэл дарамтыг багасгадаг нь эргэлзээгүй. Ашигт малтмалын ордууд эзэмшихийг зөвхөн эрх баригчид хүсдэггүй, ард иргэд нь ч хүсдэг, хөгжилдөө түлхэц үзүүлнэ гэж горьддог. Энэ бол бидний өдөр тутам ярьдаг, хэлэлцдэг нэгэн сэдэв.
Гэвч олонтоо яригдаг боловч илүү ноцтой уршиг бол улс төрийн үр дагаварт нь оршдог. Байгалийн асар их баялаг нь уг баялгийн худалдан борлуулсан орлогыг захиран зарцуулах өрсөлдөөний хэлбэрээр улс төрийг бужигнуулдаг.
Энэ тоглоом улс төрийг авлигад хүлж, төрийн машиныг бусниулдаг. Ийм эмгэг Казахстан, Туркменистан төдийгүй, Орос, Азербайжан, Конго (Зайр), Нигериa, Венесуэл зэрэг байгалийн асар их баялаг бүхий посткоммунист ба хөгжиж буй ертөнцийн орнуудад газар сайгүй дэгдсэн. Байгалийн асар баялаг бол ардчиллыг ч, төрт ёсыг ч бэхжүүлэх үйл явцыг ямагт алдагдуулдаг. Монгол Улс байгалийн баялагтай, харин түүнийгээ ашиглах боломж багатай нь тус орны улс төрийн хөгжилд, нэн ялангуяа ардчилах үйл явцад учирч болох асар том саад бэрхшээлээс тус орныг гэтэлгэж байж бас болно.
Геостратеги
Посткоммунист Монголын хувьд байгалийн баялгаараа гардныхныг татаж болно. Дотоодын улс төр, эрх зүйгээ төвхнүүлчихвэл хүчирхэг гардныхны стратегийн шохоорхлыг татаж чадна. Эхэн үедээ нээлтэй байснаа төдөлгүй дарангуйлалд эргэж халтирсан Дундад Азийн посткоммунист орнуудын хувьд ч гаднын анхаарал татдаг нэгэн гол цэг нь байгалийн баялаг, стратегийн ашигтай байршил нь юм. Эдгээр орны төр барих засаглалын тэргүүн нар ардчилал, буюу үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг анх хошуучилсан.
Тэр утгаараа гаднаас үлэмж ивээл тэтгэлэг хүртсэн. Төв Азийн ихэнх улс СССР-ээс салахдаа уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд либералчилж, өмч хувьчлалыг түргэн хурдацтай өрнүүлэх замаар өрнөдийн тусламжийг татсан. АНУ-ын засаг захиргааны хувьд хамгийн дотнынх нь улс болсон ба яваандаа ганцаар захиран засаглах аргад шилжсэн үед ч өрнөдийн дэмжигч нар нь тэднээс нүүр буруулаагүй, салдаггүй наалдаж ирсэн билээ. Зарим талаар хэтрүүлэх явдал ч байсан. Жишээ нь Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаев ийм олон зүйлээр жишээ болно. Өрнөдийн Засгийн газрууд Киргизийг энэ бүс нутгийн загвар болгож, зүс царай сайтай улс төрч Акаевыг ардчилал, зах зээлийн эдийн засгийн төлөөх Төв Азийн том найдвар болгосон ч тэрээр 1990-ээд оны эцсээр дарангуйлан захирагч болж, өнгөт хувьсгалаар хөөгдөн буусан. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь хуучин Зөвлөлтийн хүрээнд эдийн засгийн холбоог сэргээх, Казахстан дахь үндэсний цөөнх болох орос угсаатнуудыг хамгаалах сонирхолтойгоо олонтоо ярьсны үр дүнд Оросын ивээлийг хүртсэн боловч 2022 оны эхэнд өнгөт хувьсгалын босгон дээр улс төрөөс үүрд хөөгджээ.
Эдүгээ АНУ, Франц зэрэг өрнөдийн түнш нар Казахстаны уран, газрын тосны арвин их нөөцийг хараанаасаа гаргахыг хүсээгүй тул бараг холбоотноо болгочихсон, Өрнөд-Казахстаны харилцаа нь хөгжсөөр Орос- Казахстаны харилцаатай эн зэрэгцэж, тэгснээ эдүгээ Хятадтай хоршин эдийн засгаа тэнхрүүлээд авсан туршлага байна.
Гаднын дэмжлэг
Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа хатуу дарангуйлагч дэглэмийн нэг хэлбэрээс нөгөөд шилжин, улс төрийн хувьд нээлттэй болдоггүй Төв Ази нүднээ бууж байв. Гэхдээ гаднын дэмжлэг аль нэгэн хэлбэрээр очсоор иржээ. Узбекистанд Зөвлөлүүдийн засгаас Ерөнхийлөгч Ислам Каримовын ганц хүний дарангуйлалд шилжихэд дотоод хүчин зүйл том үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Каримов үндэсний бие даасан байдлаа ямар нэгэн хэлбэрээр бэхжүүлж чадсан. Залгамжлагч нь ч тэр замаар явж байна.
Тажикстан нь бусдыгаа бодвол хавьгүй бэрх зам тууллаа. Нээлттэй болж эхэлснийхээ дараахнаас иргэний дайнд нэрвэгдсэн. Талибаны маягийн лалын улс төрийн номлол умар зүгт түгэн дэлгэрэхээс хамгаалахын тулд ОХУ Тажикстаныг хориглолтын тэргүүн шугам болгож, иргэний дайнаар төрийн эрхэнд гарсан дайтагч талуудын нэгнийг хамгаалахаар цэргийнхээ томхон бие бүрэлдэхүүнийг зэвсэг техниктэй нь хамт илгээж байлдуулж байв. Тэгснээр Тажикстан нь Оросын ивээлд багтдаг нэг улс болж хувирсан ч лалжилт энэ улсыг бүчин аваад байна. Дэргэд нь талибаны Афганистан гэж тэсрэх бөмбөг заналхийлэн байна.
Туркменистан нь Киргизстан, Казахстан, Узбекистан, Тажикстаныг бодвол Оросын болон АНУ-ын ивээлийг тэр бүр хүртээгүй. Харин анхны Төрийн тэргүүн нь Туркменистаныг өөрийг нь тахин шүтэж байдаг нэг ёсны сүм дуган болгон хувиргаж, тус орныг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлан, хувь тавилангаа Орос болон АНУ-тай холбохыг нэгэнтээ зогсоон, тууштай төвийг сахисан билээ. Тэрээр олон улсын харилцааны нэн аядуу тайван байдлыг ашигласан бөгөөд Орос, АНУ-ын алин нь байгалийн хийн дэлхийн хэмжээний гурав дахь том эх үүсвэрийг удирдаж буй тэр улсаас тэгтлээ хөндийрөхийг үл хүссэн. Аав, хүү, ач хүү нар тэр улсыг 1991 оноос засаглан захирчээ.
Нээлттэй болмогц ардчиллаас хөндийрч дарангуйлагч харгис хатуу дэглэмийн нэг хэлбэрээс нөгөө рүү шилжсэн хэмээн хуучин СССР-ийн БНУ-уудыг нэр заан цоллох нь одоо эрс багасаад байна. Ардчилал нь хөгжсөн гээд, Фридом хаусын судалгаагаар сайн нэртэй гарлаа гээд улс орон нь эдийн засгаа сэвхийтэл босгоод ирж чаддаггүй, ард иргэд нь мөнгө орлогын гачигдалтай, олсноо үрчхээд суугаа Монголтой жишиж үзээд Зөвлөлтийн БНУ-уудыг шүүмжлэхээ больсон байж болно.
Ардчилал өөд бүрэн төгс урагшлахгүй ч ард түмнээ ядууруулахгүй, улс орноо мөнгөтэй, хүчтэй байлгаж чадсан сонгодог жишээг Казахстан үзүүлчихсэн. Араас нь Туркмен, Азербайжaн мөшгөж явна. Ардчиллын ололтыг алдаж зүдрээгүй орнуудад Монгол, Гүрж, Македон, Молдова, Румын багтаж байгаа нь эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшнээр эрс тэс ялгарал харагддаг.
Төгс ардчилаад эдийн засгаа босгоод авсан Чех, Унгар, Польш, Словак, Словени, Балтын эргийн гурван улсыг посткоммунист гэж нэрлэхээ болиод удаж байна.
Коммунист асан бүлэг орнууд дотор Монгол нь эрх чөлөөний хувьд гайгүй оноо авсаар ирсэн нь коммунизмын дараах эхний 10 жилд гэдрэг ухраагүй гэх шалгуурыг давсных. Гэхдээ энэ бол эрэмших шалтгаан биш нь нэгэнтээ харагдлаа. Монгол нь өрнөдийн орнуудтай сайн харилцаатай ч хэн нь ч түүнийг алдаж болохгүй үйлчлүүлэгч, эсвэл чухал холбоотон гэж үздэггүй байсан. Учир нь Монголын ардчилал экзотик үеэ нэгэнтээ өнгөрөөж, одоо босдог хөгждөг үедээ тулж ирсэн. Гэтэл уул уурхай гэж ганц идэштэй, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсвөл дагаж хөгждөг, унавал дагаж унадаг байж таарахгүй. Тэгээд хөгжсөн үедээ санхүүгийн сахилгаа сахихгүй нийтээрээ үрээд дуусна, халамжаар тараачихна. Төр засаг нь хөөцөлдөн байж гадаад таатай орчин бүрдүүлээд, хоёр талын харилцаагаа хөгжүүлээд өгмөгц бизнес, хөрөнгө оруулалтаараа бэхжүүлж чаддаггүй байдалдаа дүгнэлт хийцгээе!