
Ховд аймгийн зарим суманд ямаа самнаж, ноолуур бэлтгэж эхэлжээ. Тус аймагт 3.5 сая толгой мал бий. Үүний 50 гаруй хувь нь ямаа юм. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хөдөөгийн сумдад ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил харилцан адилгүй байдаг. Говь, тал хээрийн бүс нутгийн малчид буюу Алтай, Манхан, Дөргөн сумынхан хамгийн түрүүнд ямаагаа самнаж, ноолуур бэлтгэдэг. Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил тавдугаар сард өрнөнө.
Тус аймагт одоогоор ноолуурын үнэ тогтворгүй байна. Нэг кг ноолуур дунджаар 80-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэж худалдаа эрхлэгчид хэллээ. Ховд аймаг жилд 600-700 гаруй тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг юм.
ЭХ СУРВАЛЖ: montsame.mn