
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас бага ангийн сурагчдад хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
“Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” аяны хүрээнд энэ сарын 11-нд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 4, 5 дугаар ангийн 280 гаруй сурагчийг сургалтад хамруулжээ.
Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв унших, сахарын хэрэглээг зохицуулах, хүнсний ногооны ач тус, бүтээгдэхүүнийг зөв хадгалах талаар мэдээлэл өгсөн байна. Мөн сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар танилцуулж, сурагчдын мэдлэгийг бататгах зорилгоор “ЗА эсвэл ҮГҮЙ” сорилт, танин мэдэхүйн тоглоом өрнүүлжээ.
Энэхүү аяны зорилго нь хүүхдэд бага наснаас нь хүнсний аюулгүй байдлын мэдлэг олгож, эрүүл, зөв хооллох дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
